Чулуунбатын Мөнх-Эрдэнэ
Чулуунбат овогтой Мөнх-Эрдэнэ 1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятга хөгжмийн ангийг З.Нарантуяа багшийн удирдлаган дор сурч төгссөн. Төгсөх курсын оюутан байхдаа ХБДС-д багшлахаас гадна Морин хуурын чуулгад ятгачнаар, мөн УАДБЧ (ҮДБЭЧ) –д гоцлол хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан юм.
1998 онд өөрийн хамтлаг болох “Бөртэ”-г үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл олон улсад үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн 20 гаруй улсуудаар аялан тоглолт хийж үндэснийхээ ардын урлагийг амжилттай сурталчилж байгаа.
Энэ хугацаанд хамтлагаараа болон гоцлолоороо олон улсын хөгжмийн төслүүд дээр оролцон хөгжим судлаач, шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнлэмж авч байсан юм. 2001 онд Малайзи улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд өөрийн бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интэрнэтээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байжээ.
Түүний уран бүтээлийн амжилтуудаас дурдвал:2004 оны “Алтан Намар” хөгжмийн наадмаар Бирваагийн Мөнхболдын “Ятганд зориулсан Концерт”-ыг тоглож “Шилдэгийн шилдэг Хөгжимчин” өргөмжлөл, 2005 онд БСШУЯ-аас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,2008 онд Төрийн хошой шагналт Л. Мөрдоржийн нэрэмжит үндэсний мэргэжлийн хөгжимчидийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2009 онд Бурьяад улсад болсон олон улсын „Евроази “ наадмын Шилдэг хөгжимчиний шагнал, 2009 оны 9 сард Узбекстан улсад болсон олон улсын „Тронолари “ наадмын шүүгчидийн нэрэмжит шагнал, 2010 оны 12 сард бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал” зэргийг хүртэж байжээ.