Цагааны Оюундарь
Монголын ард түмэн Цагааны Оюундарийг МҮОНТ-ийн захирал, телевизийн сэтгүүлч гэдгээр нь сайн танина. Тэрээр 1993 онд Улстөр, Нийгэм Судлалын Академийг улстөрийн эдийн засаг чиглэлээр төгссөн. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр үндэсний телевизэд сурвалжлагч, улс төрийн тоймчоор ажиллах болсон. Ц.Оюундарь 1997 оноос МҮОНТ-ийн удирдлагын багт Програмын захирлаар нэг жил, Монгол-Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай Eagle телевизэд ерөнхий туслах менежер ба ахлах удирдлагаар 2 жилийн турш ажилласан бөгөөд 1998 оноос Монгол улсын ерөнхий сайдын хэвлэлийн туслахын үүргийг гүйцэтгэж байсан юм.
Тэрээр 2002-2008 оны хооронд АНУ-д ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа тэрээр нэгдүгээрт хэлний мэдлэгээ дээшлүүлж, хоёрдугаарт АНУ-ын ажлын стандартыг сурч судлан өөрийн ажлын төслүүддээ нэгтгэн авч хэрэгжүүлэх зорилготойгоор Сан Франциско хотын CBS орон нутгийн мэдээний станц гэх мэт хэд хэдэн компаниудад ажиллаж байлаа. Мөн тэрээр 2006 онд Бэркли (Berkeley) дэхь Калифорниагийн Их Сургууль (University of California)-д элсэн орж, 2008 онд сэтгүүлч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан юм.
Ц.Оюундарь Монголын Мэргэжлийн Сэтгүүлчдийн Холбооноос 2009 онд “Радио телевизийн шилдэг амжилт” шагнал, 2000 онд “Хэвлэлийн эрх чөлөө” шагналыг тус тус хүртэж байсан бөгөөд 1997 онд оны шилдэг сэтгүүлчээр шалгарч байв.
Тэрээр Бэркли (Berkeley) дэхь Калифорниагийн Их Сургууль (University of California)-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж байх хугацаандаа Үндэсний Телевизийн Академи-аас Эмми тэтгэлэг (Emmy Scholarship), 2007 онд Бэркли (Berkeley) дэхь Хүний Эрхийг Хамгаалах Төвөөс зуны тэтгэлэгийг хүртэж байсан юм.