Түмэн Эх Чуулга
Монголчууд чухал хүндэтгэлтэй баяр наадам, арга хэмжээнүүдийг сайн сайхны бэлгэдэл болгож уртын дуу “Түмэн эх”-ээр эхлүүлдэг уламжлалтай. Мөн уралдаанд түрүүлсэн моринд хурд, хүчийг бэлгэдэн “Түмэн эх” цолыг олгодог билээ.
Монголын ардын урлагийн “Түмэн эх” чуулга нь 1989 онд байгуулагдсан бөгөөд гадаадын болон дотоодын үзэгчдэд, тэр дундаа залуу үеийнхэндээ Монголын эртний урлаг соёлын ховор үзүүлбэрүүдийг толилуулдаг. Тус чуулгын уран бүтээлчид төрөл бүрийн Монгол дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр үзүүлдэг. Үүнд: морин хуур хөгжим тоглох, ерөөл магтаал хэлэх, тууль хайлах, ардын бүжиг хийх, цам харайх гэх зэрэг үзүүлбэрүүд багтана.
“Түмэн эх” чуулгын үзүүлбэрүүд нь мэргэжлийн өндөр түвшинд найруулагдсан байдаг бөгөөд нүүдэлчин ардын уламжлал соёлыг хадгалсан байдаг. Тус чуулга нь дэлхийн 40 гаруй орнуудаар аялан тоглолт хийж, Монголын уламжлалт дуу хөгжмийг дэлхий дахинд амжилттай таниулж яваа ардын урлагийн хамтлаг юм. “Түмэн эх” чуулга Нью-Йорк дахь Дэлхийн Хөгжмийн Төв, Вашингтон хот дахь Кэннэди Төв, Их Британий Букинхамын Ордон зэрэг нэр хүндтэй газруудад үзүүлбэр тоглолтоо хийж байсан удаатай. Тус чуулгын гишүүд соёлын солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж, ардын аман зохиолын сэдвээр судалгаа шинжилгээ хийж, сургалтын ба бүтээлч үйл ажиллагаануудад байнга оролцдог идэвхтэй уран бүтээлчид юм.