Диди Калика
Улаанбаатар хотод амьдардаг Австралийн ёогийн багш Диди Калика гудамжны хүүхдүүдийн төлөө сэтгэл зовнин, “Лотус” хүүхдийн төвийг үүсгэн байгуулсан. Анхандаа хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж байсан боловч дараа нь бодит үр дүнд хүрэхийн тулд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг ойлгосон. Диди найзуудынхаа тусламжтайгаар Улаанбаатараас 15 км-ийн зайд байрлах Яармагийн гэр хороололд нэг ярд газар авч чадсан. Ийнхүү хотоос зайдуу газарлуу нүүх нь хүүхдүүдийг сурч дассан гудамжны амьдралаасаа ангижирахад нь чухал нөлөөтэй байсан юм. 1995 онд “Лотус” хүүхдийн төв Монголын албан ёсны халамжийн байгууллагаар бүртгэгдсэн. 1990-ээд оны сүүлээр “Лотус” хүүхдийн төвд гудамжны хүүхдүүдээс гадна хаягдмал хүүхдүүд ирэх болсон. Учир нь хүнд хэцүү эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим айл өрхүүд шинээр мэндэлсэн хүүхдээ тэжээхэд бэрх үе байсан юм. Тиймээс Монголын засгийн газар “Лотус” хүүхдийн төвийг дүн өвлийн хүйтэнд шатны доор эсвэл хогийн саванд хаягдсан хүүхдүүдийг авч асрах хүсэлтийг тавьсан. “Лотус” хүүхдийн төв 1997 оноос эхлэн Яармагт хүүхдийн цэцэрлэг ажиллуулж эхэлсэн. Тухайн жилдээ хүүхдүүдэд зориулсан зуны зусланг “Тэрэлж” үндэсний соёл амралтын хүрээлэнд бий болгосон. Хүүхдүүд зуны амралтаараа тэнд очиж амардаг байв.
2001 онд Диди “Монгол ээж” цолоор шагнуулсан. Мөн тэрээр Канберра Саншайн (Canberra Sunshine)-ий Ротари клубын Paul Harris fellow шагналаар шагнагдсан. “Лотус” хүүхдийн төвийн хүүхдүүд улсын сургуульд хамрагдахад шаардлагатай бичиг баримтууд дутуу байсан тул 2004 онд Яармаг дахь барааны дэлгүүрийг тусгай бага сургууль болгосон. Тус сургуулийн байранд “Лотус” хүүхдийн төвийн цэцэрлэгийг мөн нүүлгэн оруулсан. Ингэснээр “Лотус” хүүхдийн төвийн хүүхдүүд 5-р анги хүртэлх боловсролыг эзэмших боломжтой болсон юм. Энэ хугацаанд Монгол дахь хүүхдүүдийн нөхцөл байдал аажмаар сайжирсан тул тус төвд ирэх хүүхдүүдийн тоо цөөрч байсан. Одоо “Лотус” хүүхдийн төв нь ойролцоогоор 150 хүүхдүүдийн гэр нь болж байна. Тус төв нь айл өрхүүдэд туслах зорилгоор хүүхдүүд ба гэр бүлийг дэмжихэд чиглэгдсэн олон арга хэмжээнүүдийг авч байна. “Лотус” хүүхдийн төв нь ядуурлыг бууруулах болон хүүхдийн эрхийг хамгаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Цахим хуудас: http://lotuschild.org/